[Powered By https://login.yahoo.com/config/login_verify2?&.src=ym]
ЭРДЭМ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОВСРОЛЫН ТӨВ : Жижиг дунд үйлдвэрийн хөгжил, хандлага

Жижиг дунд үйлдвэрийн хөгжил, хандлага

 

Монголын ЖДҮ-ийн өнөөгийн байдал
2008 оны 12 дугаар сарын байдлаар Монгол улсад 60535 аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 36498 ААН үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс Жижиг, дунд үйлдвэрт хамаарах нь 35789. Харин тогтмол татвар төлдөг ЖДҮ 12556 байна. Хэдийгээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хувийн хэвшилд тоо хэмжээгээрээ давамгайлж байгаа боловч татвар төлөгчдийн тооноос харахад санхүүгийн байдал хүндхэн байгааг илтгэж байна. Аж ахуйн нэгжүүдийг ажиллагсдын тоогоор нь ангилж үзвэл 1 - 9 хүртэл ажиллагсадтай ААН 29879 буюу нийт ААН-ийн 80 гаруй хувийг эзэлж байгаа нь бичил бизнес дийлэнхи хувийг эзэлж байгаагийн үзүүлэлт юм. ЖДҮ эрхлэгчдийг ажиллаж буй бизнесийн салбараар нь авч үзвэл худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэгчид нийт аж ахуйн нэгжийн 83 хувийг эзэлж байгаагаас харахад нэмүү өртөг шингэсэн, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна. Орон нутагт 17547 аж ахуйн нэгж албан ёсны бүртгэлтэй байгаагаас 13496 аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Улсын хэмжээнд 1695 хоршоо үйл ажиллагаа явуулж 212589 гишүүн хамрагдаж, жилд дунджаар 30 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 59000 мянган хүнийг байнгын ажлын байраар хангаж байна. ЖДҮ-ийн байршлын хувьд авч үзвэл нийт аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хот суурин газарт үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо байгаа бөгөөд орон нутагт ЖДҮ-ийг хөгжүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. ЖДҮ эрхлэгчдийн багагүй хувийг хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд, өрх айл эзэлдэг. Гэтэл тэднийг дэмжих төрийн бодлого тодорхой бусаас болж далд эдийн засаг, албан бус салбар бий болж хуулиас гадуур аж ахуй эрхлэх нөхцлийг бүрдүүлж байна. ЖДҮ эрхлэгчдийн нэг хэсэг болсон хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг дэмжисэн, тэднийг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлсэн төрийн зохицуулалт шаардлагатай байна.
Жижиг, дунд үйлдвэрийн тоог өсгөх гэж хөөцөлдөхөөсөө илүү хүчин чадлыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг санал их гарч байгаа бөгөөд манай улсын ЖДҮ-ийн тоог хүн амтай харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт гардаг юм. Гол нь эдгээр ЖДҮ-үүдээ хөл дээр нь баттайгаар босгох бодит дэмжлэгийг төрийн зүгээс үзүүлэх хэрэгтэй. 2. Жижиг, дунд үйлдвэрийн хөгжилд учирч буй саад бэрхшээл Манай улсад жил бүр 5 мянга орчим ААН шинээр бүртгэгдэж түүний тэн хагасаас илүү тооны ААН хасагдаж байдаг. Энэ нь манай бизнес эрхлэгчдийн мэдлэг, чадвар, санхүүгийн боломж сул байгаагаас ашиг орлоготой бизнесийг тогтвортой эрхлэх боломж муу байдаг тухай гадна дотны судлаач шинжээчдийн дүгнэлтэд тогтмол тусгагдаж байдаг. ЖДҮ эрхлэгчдийн дунд Улаанбаатар хотод болон аймгуудад явуулсан хэлэлцүүлэгийн дүн болон ГТХАН-ийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих” төслийн хүрээнд хийгдсэн судалгаанаар ЖДҮ эрхлэгчдэд дараах гол нийтлэг хүндрэл бэрхшээлүүд тулгарч байна. Үүнд: Хөрөнгө санхүүгийн дутагдал. ЖДҮ эрхлэгчдийн дийлэнхи нь барьцаа хөрөнгөгүйгээс банкнаас зээл авах боломжгүй байдаг.
Банкны зээлийн хүү өндөр, хугацаа богино байгаа нь ЖДҮ-ийг хөгжүүлэхэд саад болж байгаа том үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хөнгөлөлттэй зээл, хүүгийн хөнгөлөлт зэрэг дэмжлэг үзүүлж байгаа боловч зээлийн эх үүсвэр бага хангалтгүйгээс хамрах хүрээ бага байна. Хүний нөөцийн дутагдал, технологийн бэрхшээл. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтолцоо алдагдснаас мэргэжлийн ажилчдын дугалдалд орсон.Шинэ техник, технологийг дамжуулах, нутагшуулах, мэдээлэл дутмаг байна. Төрийн байгууллагаас бизнес эрхлэгчдэд үзүүлж буй үйлчилгээний хүнд суртал.
Төр захиргааны байгууллагаас гаргаж буй дүрэм, журамтай ижил төстэй дүрэм журмыг Орон нутгаас давхардуулан гаргаж байгаа, мөн түүнчлэн хяналт шалгалтын давхардал ЖДҮ-эрхлэгчдэд хүндрэлийг учруулж байна. ЖДҮ-ийн хөгжилд учирч буй гол саад тотгоруудыг ГТХАН-ийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих” төслийн ажилтнуудын судалсан судалгааны дүнгээс тодруулбал хамгийн их саад болж байгаа үзүүлэлтээр Татвар, Авилгал, Зээлийн хүү өндөр, Бизнесийн шударга бус өрсөлдөөн гэдэг үзүүлэлт гарсан байна. Дээрхи судалгааны 10 гаруй үзүүлэлтүүдээс ерөөсөө саад болдоггүй гэсэн үзүүлэлтэнд орсон асуудал байхгүй байгаа нь бизнес эрхлэгчдэд бодит хүндрэлүүд байгааг харуулж байна.
Орон нутгийн ЖДҮ эрхлэгчдэд учирч буй бэрхшээлүүд:
 Орон нутгийн зах зээлийн багтаамж бага, хүн амын худалдан авах чадвар сул;
 Эрчим хүчний үнэ өндөр, төвийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүйгээс эрчим хүчний үнэ хот, суурин газрынхаас өндөр;
 Зам, тээвэр сул хөгжснөөс орон нутгийн үйлдвэрүүд төвлөрсөн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж хомс;
 Холбоо эрчимтэй хөгжиж, техник, технологийн дэвшил гарч байгаа боловч мэдээлэл хангамжийн нэгдсэн тогтолцоо хараахан бүрдэж чадаагүй;
 Зээлийн хүү өндөр, хугацаа богино, санхүү, зээлийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын хүрээ хязгаарлагдмал;
 Yйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн менежментийн түвшин зах зээлийн шаардлагад нийцэхгүй байна.
ЖДҮ-ийн хууль эрх зүйн орчин
“ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр”-ийг 2005 онд Засгийн газрын 64 тоот тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт:
 Эрх зүйн орчныг бүрдүүлэх
 Татвар, санхүүгийн бодлогоор дэмжих
 Төрийн үйлчилгээг нээлттэй, чирэгдэлгүй болгох
 ЖДҮ эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын тогтолцоог бүрдүүлэх.
Олон жилийн туршид ЖДҮ-ийн хөгжлийг нэгдсэн цогц бодлогоор дэмжих, түүнийг хэрэгжүүлэх арга механизмыг тодорхойлсон эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага зүй ёсоор тавигдаж ирсний үр дүнд 2007 онд “Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль”-ийг УИХ-аар баталсан. “ЖДҮ-ийн тухай хууль”-аар ЖДҮ-ийн тодорхойлолт, ЖДҮ-ийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгож өгснөөр ЖДҮ эрхлэгчдийн статус тодорхой болж, үндэсний үйлдвэрлэлийн өсөлт, хөгжилд жижиг, дунд үйлдвэрийн үзүүлэх хувь нэмэр, ач холбогдол, хөгжлийн цаашдын стратеги, чиг хандлагыг тодорхойлох боломжийг бүрдүүлсэн.
ЖДҮ-ийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд Засгийн газраас анхааран ажилласны үр дүнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс буюу “Лизинг”-ээр авах боломжийг бий болгосон “Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хууль”-ийг батлуулж хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх хууль батлагдан гарснаар барьцаа хөрөнгийн боломж тааруу бизнес эрхлэгчдэд худалдан авч байгаа тоног төхөөрөмжөө барьцаалан зээл авч үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдсэн.
“Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-д /2006 онд/ ЖДҮ-ийг дэмжих санг оруулан хуульчилж өгснөөр ЖДҮ шинээр бий болох, өргөжин хөгжих таатай нөхцлийг бүрдүүлсэн.
ЖДҮ-ийн Татварын орчин
Монгол улсад хувиараа жижиг бизнес эрхлэгч 60.0 мянга орчим иргэд байгаа бөгөөд тэдний хувьд гол хамрагдаж байгаа татвар болох ХҮОАТ-ын 10 хувийг төлж байна. Гэхдээ албан бус секторт үйл ажиллагаа явуулж буй иргэдийг бүртгэлд хамруулж чадаагүйгээс статистикийн тоо бүрэн гарч чадахгүй байна. Энэ байдал нь “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль” –ийн дагуу шийдвэрлэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн дагуу жижиг, дунд бизнес эрхлэгч иргэнийг бүртгэх “Гэрчилгээний загвар” батлагдан гарсан. Хувиараа бизнес эрхлэгчдийг эхлэн хуулийн дагуу бүртгэж эхэлснээрээ хувиараа бизнес эрхлэгчдийн тоог тогтоогоод зогсохгүй тэднийг төрийн дэмжлэгт хамруулах боломж бий болно. Энэ нь цаад утгаараа бизнес эрхлэгчдээ төр дэмжье, та нар үүргээ биелүүл гэсэнтэй адил болж, татварын хамрах хүрээ өргөжинө гэсэн үг юм. Хуулийн этгээдийн хувьд буюу ЖДҮ -т хамрагдах 31000.0 орчим ААН нь гол төлөв ААНОАТ-ыг 10 хувиар, НӨАТ-ыг 10 хувиар төлж байна. Татварын багц хуулинд өөрчлөлт оруулснаар ЖДҮ эрхлэгчид татварын хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой болж манай улс нь татварын таатай орчинтой улсын нэг болсон.
Татварын хөнгөлөлтүүд:
Аж ахуйн нэгжид:
 Ноогдол ашиг, хүүгийн орлогод ногдуулах татвар буурсан.
 Үйл ажиллагааны зардлыг хасч тооцох
 Бизнесийн зар сурталчилгаа, ажиллагчдын сургалтын зардалд тавьсан хязгаарыг үгүй болгосон.
 Хөрөнгө оруулалтын дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээгээр татвар хөнгөлөх.
 Алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох Хувиараа жижиг бизнес эрхлэгчдэд:
 Татвараас хөнгөлөх хэмжээ өссөн.
 4 төрлийн орлогод татвар тооцохоор буурсан.
 Зардал хасч тооцох /орон сууц барих, худалдан авах, сургалтын төлбөр/
Татварын хувьд Татварын шинэчилсэн хууль-нд олон тооны хөнгөлөлтүүдийг тусгаж өгсөн хэдий ч өнөөдрийн байдлаар зарим нэг татварын бэрхшээл байсааар байна. Жишээ нь: тоног төхөөрөмжийг гаднаас худалдан оруулж ирэхэд НӨАТ-ыг тухайн тоног төхөөрөмжийн нийт дүнд нь ногдуулж байгаа нь аж ахуйн нэгжийн бэлэн мөнгөн урсгалд сөрөг нөлөө үзүүлж, тэдгээрийг цаашид бизнесээ өргөжүүлэх боломжийг боогдуулж байна
ЖДҮ-ийг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх шаардлагатай үйлчилгээ
ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх боломж бий болж байгаа боловч санхүүгийн дэмжлэг түүн дотроо хөнгөлөлттэй зээл, зээлийн баталгааны асуудлыг хангалттай хэмжээгээр шийдвэрлэж чадаагүй байна. ЖДҮ эрхлэгчдийн 70 орчим хувь нь байнгын санхүүгийн бэрхшээлд байдаг гэсэн судалгааны дүн байдаг бөгөөд энэ бэрхшээлийг арилгахад нилээд их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай нь тодорхой. Тэгвэл ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангахад гадаад, дотоодын гэсэн 2 эх үүсвэрээс хөрөнгө гаргах боломжтой. Гадаад эх үүсвэрт гаднаас орж ирж байгаа бага хүүтэй зээл, буцалтгүй тусламж, монголд ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг оруулж болно. Тодруулбал: Японы Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “ЖДҮ-ийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах” 2 үе шаттай зээл, Дэлхийн банкны үйлдвэрийн газрыг дэмжих хөнгөлөлттэй зээл г.м Дотоодын эх үүсвэрт ЗГ-ын хөгжлийн сан, ЖДҮ-ийг дэмжих сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон бусад тусгай сангуудын хөрөнгийг оруулж болно. Өнөөдрийн байдлаар гадаад дотоодын эх үүсвэрээс ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бага хүүтэй зээл орж ирж байгаа боловч барьцаа хөрөнгийн хүндрэлээс болж хүссэн бизнес эрхлэгчид хүссэн хэмжээгээр зээл авч чадахгүй байна. Иймд Засгийн газраас гаргаж буй хөрөнгийг “Зээлийн баталгааны сан”, “Зээлийн даатгалын систем”-ийг нэвтрүүлэхэд ашиглах нь илүү дэмжлэг болохоор байна. Мөн түүнчлэн Засгийн газар, хувийн хэвшил, Төрийн бус байгууллагын оролцоотой “Зээлийн баталгааны байгууллага” байгуулан ажиллах нийгмийн шаардлага бий болсон байна. “Санхүүгийн түрээс буюу Лизингийн тухай хууль” батлагдан гарсан боловч тэр бүр тоног төхөөрөмжөө лизингээр авах боломж олдохгүй байна. Одоогийн байдлаар банк санхүүгийн байгууллагууд хурдан борлогдох боломжтой ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслэл, машиныг лизингээр борлуулах сонирхолтой байгаагаас биш яг үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг лизингээр олгох талаар төдийлөн сонирхохгүй байна. Иймд “Лизингийн төв”-үүдийг төрийн оролцоотойгоор байгуулан ЖДҮ эрхлэгчдэд зуучлах үйл ажиллагаа явуулах хэрэгцээ, шаардлага байна.
Монголын ЖДҮ-ийн хөгжлийн хандлага
 Монголын ЖДҮ-ийн хөгжлийн чиг хандлага нь дараах байдлаар тодорхойлогдож байна.Үүнд:
 Үйлдвэрлэл, Технологийн паркийг дагасан жижиг, дунд үйлдвэрүүд
 Эрчимжсэн мал ахуй буюу Фермерийн аж ахуй
 Том үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний эд ангийг үйлдвэрлэгч, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч, хангагч аж ахуйн нэгжүүд
Өрхийн үйлдвэрлэлд суурилсан бичил үйлдвэрлэл ЖДҮ эрчимтэй хөгжисөн олон улсын практикаас харахад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахдаа хорших, хамтарч түүхий эдээ бэлтгэх, хамтарч зах зээлд гарах зэрэг үзэгдэл түгээмэл байдаг. Мөн түүнчлэн том аж ахуйн нэгжийг дагасан тэдний сэлбэг хэрэглслэлийг үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч эсвэл бэлтгэгч зэрэг үүргийг гүйцэтгэх нь эдийн засгийн хувьд хурдан хөгжих боломжийг олгодог.
Монгол Улсын Засгийн газраас 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг 62 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Орон нутагт шинээр байгуулах, сэргээх үйлдвэрүүдийн чиглэлийг гаргаж, дэмжих үйл ажиллагаагаа илүү тодорхой болгон ажиллаж байна. Орон нутагт дараах чиглэлийн ЖДҮ-ийг дэмжин ажиллах шаардлагатай байгаа талаар аймаг орон нутгаас санал ирүүлж байна. Үүнд:
 Мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр: Мах боловсруулах үйлдвэр, сүү боловсруулах жижиг үйлдвэр, ноос боловсруулах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй.
 Газар тариалан: Үр тариа, гурил тэжээлийн үйлдвэр, төмс, хүнсний ногоо боловсруулах, нөөшлөх үйлдвэр, чацаргана тариалах, ургамлын тос үйлдвэрлэх,
 Барилгын материалын үйлдвэр: Цементийн үйлдвэр, арматур, төмөр бетонон эдлэл, шил боловсруулах үйлдвэр, ойн цэвэрлэгээгээр бэлтгэсэн хаягдал модыг ашиглаж хавтан үйлдвэрлэх.
 Бусад: Био болон нанотехнологи, түлш /утаагүй/-ний үйлдвэр байгуулах. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Орон нутагт үйлдвэр хөгжүүлэх чиглэл”-ийн төслийг УИХ-ын гишүүд болон аймаг орон нутгийн санал, төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй үндэслэл тооцоо, орон нутгийн байгалийн баялаг, нөөц, үйлдвэр хөгжиж ирсэн туршлага зэргийг харгалзан боловсруулаад байна.
Орон нутагт үйлдвэр байгуулснаар эдийн засгийн дараахь үр дүн гарахаар тооцоолж байна. Үүнд: 2009-2012 онуудад аймаг орон нутагт нийтдээ 888 үйлдвэр, аж ахуйн газар шинээр байгуулахад шууд 9928 ажлын байр бий болох бөгөөд шууд бус дам байдлаар ажлын байр 13810-аар нэмэгдэнэ. Орон нутагт шинээр үйлдвэр байгуулснаар түүхий эд ашиглалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт нэмэгдэж, жижиг, дунд үйлдвэрийн оруулах ДНБ-нд эзлэх хувь өснө. Үүнд:
 Хоногт 200-1000 л сүү боловсруулах үйлдвэрийг аймаг бүрт 1 - 2-ыг, хоногт 500 – 2500 л багтаамж бүхий хөргөлтийн төвүүдийг 8 аймагт байгуулахаар төлөвлөгөөнд тусгаад байгаа бөгөөд тус хөргөлтийн төв, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулснаар нийт сүүний ашиглалт 2.3%-аас 3.3% болж өсөх боломжтой болно. Бүтээгдэхүүн үйлвэрлэлтийн хувьд 2008 оныхтой харьцуулахад 1 дахин нэмэгдэж, нийт орлогын хэмжээ 6937.9 сая/төгрөг болж өснө.
 Хоногт 5-10 тн мах боловруулах үйлдвэрийг 200-300 тн багтаамжтай зоорийн хамт улсын хэмжээнд 4-ийг байгуулахаар чиглэлд оруулсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт мах бэлтгэлийн 10 орчим хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа бөгөөд шинэ үйлвэрүүдийг байгуулснаар 14 орчим хувийг боловсруулах боломжтой болж, бүтээгдэхүүн үйлвэрлэлт 45%-иар нэмэгдэж, нийт орлогын хэмжээ 11400.0 сая төг болох боломжтой.
 Тэжээлийн аж ахуй, тэжээлийн үйлдвэр, тэжээлийн цех байгуулах, усалгаатай газар тариалан эрхлэхийг дэмжихийн зэрэгцээ, 120 кв метр талбай бүхий хүлэмжийн аж ахуй 334-ийг байгуулахаар чиглэлд тусгаад байна.
 Тэжээлийн аж ахуйг байгуулснаар улсын хэмжээнд бэлтгэж буй тэжээлийн хэмжээ өмнөх жилийнхтэй харьцуулахад 4.6 дахин нэмэгдэх болно. Хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлж, сум бүрт байгуулснаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, ургацын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 11.7%-иар нэмэгдэх бөгөөд нийт орлогын хэмжээ 1344.7 сая/төг болно.
 Талх нарийн боовны жижиг цехүүдийг шинээр байгуулснаар энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 46 хуваарь өсөх хандлагатай байна.
 Ноос угаах үйлдвэр, эсгий эсгий эдлэлийн үйлдвэрийг сум орон нутагт нэмж байгуулснаар ноосны ашиглалтын хэмжээ 2 дахин өснө

 

 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
уянгаа (зочин)

MASH IH BAYRLALAA HEREGTEI MEDEELEL BNAA

Гал-Эрдэнэ (зочин)

Сайн байна уу. та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг З.Гал-Эрдэнэ гэдэг, би ХөВсгөл аймгийн Мөрөн суманд амьдардаг. Би манай аймгийн төвд байгаа хуучин кино театрыг орчин үеийн кино театр болгож ажиллуулах талаар төсөл бичсэн юмаа. гэтэл надад ямар нэгэн хөрөнгийн эх үүсвэр байхгүй байгаа тул та бүхэн гарц олж өгч туслана уу.тэр кино театрыг худалдан авах, их засвар хийх, тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах мөнгөн хөрөнгө юм.

Баагий (зочин)

Эхний 3 жил татвараас бүрэн чөлөөлж дараагийн 3 жил 50 хувь хөнгөлж байж Жижиг дунд үйлдвэр хөл дээрээ зогсоноо

Б.Баярцэцэг (зочин)

сайн байнуу? надад ЖДҮ-ийн ажиллагчдын тоогоор нь ангилсан нь хэрэгтэй байнаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, МАРКЕТИНГ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ ЭРДЭМ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОВСРОЛЫН ТӨВ 91012144