[Powered By https://login.yahoo.com/config/login_verify2?&.src=ym]
ЭРДЭМ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОВСРОЛЫН ТӨВ : Паркинсоны хууль болон монгол парадокс

Паркинсоны хууль болон монгол парадокс

2008.04.17

Сүүлийн үед үнийн өсөлтөөс болоод хүмүүс бухимдаж, олон талаар өөр хоорондоо маргаж, мэтгэж байна. Маргааны гол сэдэв нь:

-"Төр оролцож зах зээл дээр нийтэд нь үнийг тогтоон барих ёстой. Тэгэхгүй бол энэ хэдэн шуналтай бизнесменүүд ашгаа бодоод иргэдийг бодохгүй байна".

-"Үгүй ээ зах зээлд өөрт нь итгэж төр зөвхөн орлого багатай ядуучуудад хандан тухайлан тэдэнд л зориулсан халамжийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрөөс нийтэд нь үнэ зохицуулах гэвэл эсрэг үр дүн гарч орлого багатай иргэд хамгийн түрүүн хэлмэгдэх аюултай" гэх мэтчилэн.

Өнөөдөр сонгууль дөхсөнийг ч хэлэх үү, зарим нэг популист улс төрчид дуу нь чангарсныг ч хэлэх үү, сүүлдээ үнийн өсөлт нь "даварсан хэдэн бизнесменүүдийг дараад өгөөч" гэсэн түрлэгтэй төрийн түшмэдийн сүр хүчийг нэмэгдүүлэх шалтаг болох тийшээ хандаж эхллээ.

Зах зээлд үнийг зохицуулна гэдэг зүгээр үнийг тогтоогоод барьчихна гэсэн үг биш. Үнэ өөрөө зах зээлийн гол мэдээлэл дамжуулагч. Үнийг зохицуулна гэдэг мэдээллийг засварлана гэсэн үг. Тиймээс үнийн зохицуулалт эцэстээ зах зээлийг бүхэлд нь алдаатай мэдээлэлд тулгуурласан "хөөсөн бөмбөлөг" болгож хэтдээ том хямралын үүдийг нээх аюултай. Харамсалтай нь монголд энэ аюул улам бүр бодит зүйл болж байгаа энэ үед асуудлыг шийдэхээсээ илүү асуудалд дөрөөлөн төр /түшмэдүүд/ улам их төсөвтэй, улам их эрх мэдэлтэй, улам их увайгүй болж байгаад би санаа зовж байна.

Санаа зовохдоо Байлыхүү гуайн блогд хоёр Паркинсоны тухай жижигхэн бичлэг байдгийг саналаа. Интернэт ухаж дахин уншлаа.

Дэлхийд хоёр Паркинсон байсан. Нэг нь 18-р зууны эцэст амьдарч байсан тархи мэдрэлийн саа өвчнийг судалсан эмч Жеймс Паркинсон. Нөгөө нь өдгөө 90 гарч байгаа Харвардын профессор удирдлагын ухаанд "Паркинсоны хууль" гэдэг нэр томьёог оруулсан Норткорт Паркинсон. Хамгийн гол нь энэ хоёр хүний нэр нь ижлээс гадна хоёулаа эрдэмтэн, судалж нээсэн зүйл нь бас өвчин. Ялгаа нь: нэг нь хүнд тусдаг өвчинг нээсэн бол нөгөө нь төрд тусдаг өвчинг нээсэн.

Төрд тусдаг Паркинсоны өвчин /хууль/ нь дараахь байдлаар тодорхойлогдоно.

Хөрөнгийг төсвөөс дааж байвал төрийн түшмэл ямар ч байсан түүнийг бүрэн зарж чадна

Төрийн орлого өсч байвал зардал заавал өсөх болно

Төрийн түшмэдүүд нөгөө түшмэдийнхээ ажлыг л бий болгодог

Албан тушаалтан өрсөлдөгчөө биш захирагдагч нараа олшруулах сонирхолтой байдаг

Төрөөс мөнгө авагчид байнга хэцүүдэж дутагдаж, дээрээс мөнгө нэхсээр суудаг.

Төрд тусдаг албан тушаалын энэ өвчинг төсвийг багасгах замаар эмчилдэг. Харамсалтай нь дээрх өвчний бүх шинж монголын төрийн бүх шатанд илэрч, архагшсанаар барахгүй түүнийг эмчлэх арга болсон төсвийг багасгах биш харин ч улам ихэсгэж түүнийгээ хувааж идэхийн төлөө түшмэдүүд ухаангүй тэмцэлдэх болсон нь өнөөгийн бидэнд учирч байгаа гай зовлон. Ядаж байхад яр гэгчээр, сонгууль дөхөхөөр энэ өвчнөөр өвчлөгсөд улс төрд олширч, байгаа жаахан баялагаар сонгогчдоо хахуульдан, цөөн хэдэн бизнесменүүдээрээ сор залчих гээд байх нь бүр хэцүү.

Улс төрчдийн увайгүйгүйгээр буянтны дүр эсгэж тоглохоос гадна төрийн албаны ажил гэж худлаа баахан цаас үйлдвэрлэж, тоо хэлдэг нь хэтэрлээ. Хэрэгжиж, үр дүнд хүрсэн зорилт гэж бараг үгүй. Харин хэрэгжүүлсэн гээд л баахан худлаа ярих. Үнэндээ мөнгийг нь тоглоод, бизнес хийгээд, хувааж идээд дуусгачихсан. Үр дүн нь ядуурал, бухимдал, доромжлол. Нөгөө төрийн бодлогоор хямдрах, татварын хөнгөлөлттэй олон тонн будаа гурил хаана байна. Цаасан дунд, түшмэдийн ширээн дотор л байгаа байх.

Гэтэл бидний ихэнх нь баялаг бүтээдэг бизнесменүүдээ үзэн ядаж, тэдний ашиг, хуримтлалыг тонон дээрэмдэхийг төр засагт зөвшөөрч, албан тушаалтнуудыг өөгшүүлж байх юм. Төрд хандах сонирхолтой парадокс шүү. Нэг талаас тэгээд өг, ингээд өг гэх мэтчлэн төрөөс хийх хийхгүй олон зүйл шаардаж, эрх мэдэл, төсөв мөнгийг нь нэмэх мөртөө нөгөө талаас төрийг хариуцлагагүй, авилгажсан, эрх мэдэл нь хэтрээд үр ашиггүй зардал нь ихэдлээ гэж шүүмжлэх. Үнэндээ төрд туссан Паркинсоны өвчнийг олж хараад, шүүмжлээд байгаа мөртлөө түүний эмчлэх арга болсон төсөв танаж, хэмнэлттэй байлгах зарчмыг ажиллуулахгүй харин ч эсрэгээр нь төсвийг нь, эрх мэдэлтэй нь нэмэгдүүлж, халамж хүсэх байдлаараа төрийг данхайлгаад, өвчнийг нь улам хүндрүүлээд буй нь бидний парадокс.

Улс орнууд хөгжихийн тулд бизнесменүүдээ сонсож, түшмэдүүдээ хардан хянаж, иргэд нь баяжиж баялаг бүтээж байхад, бид харин эсрэгээр улс төрчдөө сонсож, бизнесменүүдээ хавчин гадуурхаж, түшмэдүүд нь баяжиж, бусдын хөдөлмөрөөр тарган цатгалан амьдарч байна. Бусад улс баялагийг зах зээлийн дүрмээр хувааж, иргэдийнхээ дийлэнх олонхийг өөрийн бизнестэй, баялаг бүтээгч дундаж иргэн болгох гэж зорилго тавьж байхад бид баялгийг улс төрөөр хуваарилуулж, иргэдийнхээ олонхийг төрийн гар харж, халамжаар амьдрах ядуус болгон хувиргаж байна.

Үнэхээр ч өмчийн хууль тогтоомж болон бизнессийн орчин нь байнга өөрчлөгдөж, бодлого нь тодорхойгүй, аливаа шийдвэрийг эрх мэдэлтнүүд нууцаар гаргаж буй тохиолдолд ур чадвартай нь бус харин эрх баригчидтай холбоо сүлбээтэй нь бизнест амжилт олдог гэдэг. Монгол улсад ийм дүр зураг ажиглагдаад удаж байгаа. Удаад зогсохгүй уламжлал болон тогтнож байгаа. Хуулиас хүчтэй эрх дархтны зан аашийг дагах гэж олон бизнес зовж байхад, төрийн түшмэдүүд тэднээс илүү ашгийг төсвөөс уутлан авч байна. Монгол улсад баялаг бүтээж, хөгжлийг бий болгодог хүмүүс нь цөөдөөд, даргалж, зандачиж, хувааж иддэг нь ихдээд бизнес эрхлэх нь зүгээр сууснаас хэцүү, бэрхшээлтэй болж буй нь үнэн. Бизнес эрхлэгчид өөрийн бизнесийг өргөжүүлэхээс илүүтэй одоо байгаа бизнесээ хамгаалж улс төрийн өмгөөлөл, хамгаалалтай болоход санаа зовинож, бизнесийн шинэ салбарт хөрөнгө оруулалт хийх биш, улс төрд мөнгө хаях нь ч бас ихсэж байна. Гурил будаа, талхны үнийг хөөрөгдөж буй дотоод шалтгаан ердөө л энэ.

Өнөөдөр дэлхий нийтээр хүнсний хомсдолд орж, улс орон бүр хямралыг хэрхэн даван туулах вэ хэмээн гарц хайж байхад Монголчуудын бид бүх бурууг цөөн хэдхэн баялаг бүтээгчиддээ тохож, харин араар нь популист улс төрчид болон авилгач түшмэдүүд нь буянтай сайхан царайлан сонгуульдаа бэлтгээд сууж байна.

Хуулиар хамгаалагдаагүй, төрөөс хамааралтай хөрөнгө баялаг гэдэг зах зээлд үнэ цэнэгүй, эзэндээ үр ашиггүй, байнгын эрсдэлд байдаг нь үнэн. Энэ эрсдлээ бизнесүүд улс төрд татварлаж, улс төрчдийг тэтгэж байж багасгадаг. Энэ нь эцэстээ улс орныг олигархижсон эдийн засаг, төржсөн зах зээлд аваачдаг.

Уул нь бизнесийн орчинд ажиллах төрийн үйлчилгээний гол зарчим бол иргэний, бизнесийн санаачлагын урд хөндөлдөж, элдэв хураамж зөвшөөрлөөр хориг тээг хийх биш, харин араас нь дэмжин, хэрэглэгчийн эрх ашгийн үүднээс стандарт сахиулах явдал билээ.

Олон юм ярилгүй алсаа харан, монголын ирээдүйг жаахан ч гэсэн сайн сайхан руу нь өөрчилж, өнөөгийн баялаг бүтээгчиддээ зориулж улс төрчдийн хийж чадах ёстой зүйлс бол үнийг тогтоож, төрийг хүчирхжүүлэх бус харин хууль тогтоомжоо ойлгомжтой, төрийн албаа хүндрэлгүй, шүүх цагдааг шударга болгож, боловсролын бодлого нь улс орны эдийн засгийн хэрэгцээг хангахуйц, дэд бүтэц нь бизнес эрхлэгчиддээ хүртээмжтэй, банк санхүү нь иргэдийн бизнес санаачлагыг дэмжих тийм нөхцөл боломжоор хангах юм.

Х. Тэмүүжин

Эх сурвалж:  http://www.news.mn

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, МАРКЕТИНГ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ ЭРДЭМ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОВСРОЛЫН ТӨВ 91012144